Уран нарийн, чамин тансаг хийц, хараа булаам чимэг, зүүлт бүхий хувцастай үндэстэн Монголоос өөр хаана ч байхгүй биз ээ. Монгол хүний ур ухаан, өв соёл шингэсэн дээл, хувцасны талаар Монголын Үндэсний музейн захирал, Урлаг судлалын ухааны доктор Ж.Саруулбуянтай ярилцлаа.

- Монгол хүний ур ухаан шингэсэн чимэглэлүүдтэйгээрээ монгол дээл бусад үндэстнүүдийн хувцсаас ялгардаг. Манай өвөг дээдэс 100 гаруй төрлийн дээл хувцас хэрэглэж ирсэн түүхтэй. 13 дугаар зууны үеийн дээл хувцас ямар байсныг манай музейн үзмэрээс харж болно. Ястан үндэстэн болгон өөр өөрийн гэсэн хэв маяг , ёс заншлыг харуулсан хувцастай байсан. 13 дугаар зууны үед барга, захчин, өөлд, торгууд, урианхай, баяд, халхчуудыг хувцасаар нь ялгадаг байж. Тэд үндэстэн ястныхаа онцлогыг харуулсан хувцас өмсөж байсан. Нэг ёсондоо үндэстэн ястны дээл хувцас бол түүх, соёл, зан заншлыг шингээснээрээ аугаа юм. Өнгөц харахад хувцас амьдралын нэгэн хэрэглээ мэт боловч цаанаа түүх, соёлыг хадгалж байдгаараа онцлогтой. Монголчууд найр наадам, мал хуй хариулахад, аян замд ямар хувцас өмсөх вэ гээд дөрвөн улиралдаа зохицуулж хувцасладаг байж. Эхэс дээдэс, энгийн ард, хүүхэд багачуудын хувцас өөр өөрийн гэсэн хэв маягтай байсан. 17 зууны дунд үеэс гүн, тайж, ван зэрэг дэвээс шалтгаалан өмсөх дээлний хэв загварыг тогтоож өгсөн байдаг. 20 дугаар зууны эхэн үеэс төрийн ёслолын хувцас нэлээн өөрчлөгдөж эхэлсэн. Түүнчлэн Монгол үндэсний хувцасыг бэлэгдэл, зөн бэлэг дагаж явсан байгаа юм.
-Манжийн үед “манж хувцас” орж ирсэн гэж ярьдаг. Судлаач хүнийхээ хувьд та үүнийг судалж үзэв үү?
-Тухайн үед манж хувцасны хэв маяг орж ирсэн мэт харагдавч үнэн хэрэгтээ монголчууд үндэснийхээ хувцсыг хөгжүүлж ирсэн байдаг юм. Манжийн үед язгууртан, дээдэс янз бүрийн хэргэм цол авч байсан. Тэр үед зэрэг дэвийг малгайн чимэг, отог жинсээр нь илэрхийлдэг байсан учраас манжийн хувцас орж ирсэн гэж үздэг. Сүүлд Богд хаант засгийн үед эрэгтэй, эмэгтэй хүн ямар хэв маягтай хувцас өмсөх вэ гэдгийг зааж өгснөөр манж хувцасны хэв маяг халагдсан түүхтэй. Нийгэм цаг үеэ дагаад Монгол дээл өөрчлөгдөн хувьсаж ирсэн. Тухайлбал ардын хувьсгалын үед партизанууд дөрвөн талтай жанжин малгай, хантааз өмсөж байсан хувцасны улбаа өнөө хүртэл явж байна шүү дээ. Нэгдэлжих хөдөлгөөн өрнөж эхлэнгүүт нударгагүй дээл гарч ирсэн. Эндээс үзэхэд Монгол дээл маань хувьсаж, хүмүүс биед эвтэйхэн загвар хийцийг сонгож ирсэн нь харагдаж байгаа юм.
-Дээр үед эхнэр хүний эдэлж хэрэглэж байсан хувцасны хэв маяг маш өвөрмөц. Гадныхан байтугай монголчууд өөрсдөө гайхаж шагшдаг аа. Эхнэр хүний хувцасны зүүлт хэрэгсэл гэхэд нэлээн жин дардаг байсан гэлцдэг. Энэ тухайд?
- Маш өвөрмөц хувцас. Толгойн гоёлыг алт, мөнгөн эдлэл, шүр, сувдаар маш нарийн урлаж хийсэн. Эхнэр хүний хувцасны гоёл хэрэгсэл нь 5-8 кг байсан гэдэг. Энэ дээлийг олон жил өмссөний дараа духны арьс суларчихдаг юм гэж эмээ маань ярьж байсан. Халх эмэгтэйчүүдийн хувьд эхнэр хувцас нь эвэр үстэй түнтгэр мөртэй байсан. Өөлд эхнэр хүний өмсдөг байсан гол хувцас бол ууж юм. Ууж нь урд хэсгээрээ богино хойд хэсгээрээ урт байсан гээд угсаатны хувцас өөр өөрийн гэсэн онцлогтой.
-Ингэхэд эхнэр хүний дээлний эвэр үсийг юугаар хийдэг байсан юм бол оо?
-Эвэр үс нь хангарьд шувууны далавчийг илтгэдэг байж. Эхэн үедээ жонхуу буцалгаж өөрсдийнхөө үсээ хэлбэрт оруулдаг байсан гэдэг. Харин сүүл үедээ морины дэл сүүлийг ашиглан эвэр үсийг хийдэг болжээ.