Sunday, December 13, 2015

хамгийн эртний алдарт хот


Зураг #1 Иерихон /Палестины үндэсний засаг захиргаа/. Одоогийн Иерихоны нутаг дэвсгэрт анхны оршин суугчид нь МЭӨ 9-р зууны үед суурьшжээ. Энэ хугацааг Иерихонд баригдсан анхны чулуун байшингуудын насаар тогтоосон байна. Хотод эдүгээ 20 мянган хүн оршин суудаг. Түүхийн дурсгалт газруудаараа алдартай бөгөөд зарим нь нуранги болсон тууриуд боловч үзэж сонирхох жуулчдын цуваа тасардаггүй. Тухайлбал, Их Иродын ордон, Дөчин өдрийн уул руу хүмүүс их ирдэг. Энэ ууланд Ийсүс Христос 40 өдөр мацаг барьж шулмын нөлөөнөөс ангижирч байсан домогтой гэнэ.

Зураг #2 Библ /Ливан/. Энэхүү Библийн хотын анхны барилгууд МЭӨ 5-р зуунд баригдсан түүхтэй. Эхэн үедээ энэ хот Жебейль гэдэг нэртэй байжээ. Харин эндээс папирус /цаасны өвөг/ зөөдөг байсан грекүүд Библ хэмээн нэрлэсэн түүхтэй аж. Библ хот урлаг соёл, түүхийн дурсгал олонтой, тэдгээр дотроос эртний финикийн дугана, Библс цамхаг, гэгээн Иоанны сүм зэрэг дурсгалууд алдартай. Харин Олон улсын хөгжмийн Byblos наадам орчин үед олны анхаарлыг их татаж байна. Энэ наадамд Massive Attack, Epica, Beirut болон бусад олон оролцогчид ирж байжээ.

Зураг #3 Алеппо /Сири/. МЭӨ 4300 оны тэртээгээс Алеппо суурингийн түүх эхэлдэг. Одоо бол Сирийн хамгийн олон хүн амтай том хот болжээ. Баялаг түүхт энэ хот түүхэндээ ассир, грек, перс, рим, визант, араб, загалмайтан, монгол, османуудын гарт захирагдаж байв. Эдгээр үндэстнүүдийн олон талт соёл хотын өнгө төрхөд тод мөрөө үлдээснийг түүхэн дурсгалт бүтээлүүдээс харж болно.

Зураг #4 Дамаск /Сири/. Зарим түүхчид МЭӨ 10 мянган жилийн тэртээд Дамаск хотод хүмүүс суурьшиж эхэлсэн гэж үздэг. Хотын хөгжлийн чухал шат бол арамейчүүд ирж шугам хоолой татсан үе юм. Газар доогуурх энэ сүлжээ одоо ч хотын ус дамжуулах гол суваг болж байдаг. Дамаск хотыг Агуу Александр, римчүүд, араб ба османууд эзэлж байлаа. Өнөөдөр Дамаск хот дайны хөлд нэрвэгдэж, олон мянган хүнээ алдаж, түүх соёлын үнэт дурсгалуудаа сүйтгүүлээд байна.

Зураг #5 Эль-Файюм /Египет/. Каир хотоос баруун урагш байрладаг эртний энэ хот МЭӨ 4000 оны үед анх үүссэн. Тэр үед хотын иргэд Себека бурханы дүр хэмээн матарт өргөл барьц барьж, мөргөж шүтдэг байжээ. Занданшуулж оршуулсан 2000 гаруй матрын бунхныг археологчид олсон байна. Эль-Файюм хот томоохон захууд, лалын сүм, халуун усны газар ихтэй бөгөөд ойролцоо байрлах гайхамшигт цац суврагуудаараа алдартай.

Зураг #6 Сайда /Ливан/. Сайда бол эртний финикийн хот юм. Анхны барилгууд нь МЭӨ 4000 оны үед баригдсан, Газар дундын тэнгисийн Финик эзэнт гүрний үүсэл хөгжлийн эх ундарга болсон газар ажээ. Эндхийн урчууд шил хийх, нил ягаан өнгийн будаг үйлдвэрлэж, хатгамал урладгаараа хэдэн зуун дамжин алдаршиж байв.

Зураг #7 Пловдив /Болгар/. МЭӨ 4000 жилийн тэртээд анх үүссэн энэ суурин гараас гарт дамжсаар одоогийн энэ түвшинд хүрчээ. Өнөөдөр Пловдив эртний түүхийн үлдэгдлийг хадгалсан соёлын томоохон төв болсон байна. Энд Ромын амфитеатр, акведук буюу ус дамжуулах байгууламж, османы усан сан бий.

Зураг #8 Газиантеп /Турк/. МЭӨ 3650 оны үед анхны оршин суугчдаа хүлээн авсан газар. Олон зуун удаа засаглал солигдохыг үзэж, мөн олон зуун удаа дахин засварлагдсан хот юм. Хотын хамгийн үнэт дурсгал бол нэн эртний Зевгма хотын гоёмсог шигтгэмэл бүтээлүүдийн музей юм. Зевгма хотыг туркууд усанд автуулан живүүлсэн билээ.

Зураг #9 Бэйрут /Ливан/. Ливаны нийслэл МЭӨ 3000-5000 оны хооронд үүссэн түүхтэй. Хотын нутаг дэвсгэрээс археологичид финик, эллин, ром, араб, османы үеийн булш бунхан олон тоогоор олдог. Одоо бол Бэйрут бүс нутгийнхаа соёлын төвд тооцогдоно.

Зураг #10 Варанаси /Энэтхэг/. Варанаси бол Энэтхэгийн шашны мөргөлийн чухал төв бөгөөд индуизмын 7 ариун хотын нэг юм. Хот ойролцоогоор 3000 жилийн настай. Мөн 5000 жилийн өмнө Шива бурхан энэ хотыг үүсгэсэн гэх домог ч бий

No comments:

Post a Comment